

Чойжилжавын Цэрэннадмид
19302017
Намтар
Бага нас ба боловсрол
Ч.Цэрэннадмид 1930 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Агитын Яргайт уулын өвөлжөөнд малчин Г.Чойжилжавын ууган хүү болж мэндэлжээ. Тэрээр 1940–1944 онд тус суманд шинээр байгуулагдсан анхны бага сургуульд онц дүнтэй суралцан төгссөн. Үүний дараа Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуульд 1944–1950 онд 6 жил онц сайн суралцаж, Батлан Хамгаалах Яамны хүндэт жуухаар шагнуулсан байна. Улмаар МУИС-ийн Хүн эмчийн ангид шалгаран суралцаж, 1955 онд улаан дипломтой төгсжээ.
Ажил мэргэжлийн замнал
Баянхонгор аймагт ажилласан нь (1955–1957)
Их сургуулиа онц дүнтэй төгссөн Ч.Цэрэннадмид хөдөө орон нутагт ажиллах уриалгыг манлайлж, Баянхонгор аймгийн Баянлиг суманд Монголын анхны их эмчийн салбаруудын нэгийг байгуулжээ. Тэрээр тус сумын 13 өрөө бүхий шинэ барилгад эмнэлгийг зохион байгуулж, Богд, Жинст, Баянговь, Баян-Өндөр, Баянлиг гэсэн 5 суманд их эмчийн түвшний үйлчилгээг анх удаа хүргэсэн юм. Энэ хугацаанд сумандаа анхны мэс заслыг хийж, арьс өнгөний болон сүрьеэ илрүүлэх үзлэг шинжилгээг зохион байгуулж, шинэлэг ажлуудыг санаачилжээ. Баянлиг сумын их эмчийн салбар нь Монголдоо анх удаа эмнэлгийн түргэн тусламжийн машинтай болсон нь малчдад эмнэлгийн тусламж хүргэхэд ихээхэн ач холбогдолтой байв. Үүний дараа Ч.Цэрэннадмид Баянхонгор аймгийн төвийн эмнэлгийн мэс засалчаар, улмаар ерөнхий эмчийг хавсран ажиллаж, аймгийн эмнэлэгт рентген аппарат нэвтрүүлэх, лабораторын шинжилгээг өргөтгөх, амбулаторын үйлчилгээг анх удаа зохион байгуулах зэрэг ажлуудыг хийжээ.
Улсын төв эмнэлгүүдэд ажилласан нь (1957-1958, 1964-1973)
Ч.Цэрэннадмид 1957 онд ЭХЯ-ны сайдын тушаалаар Улаанбаатарт шилжиж, Төв больницын Дотрын тасгийн эрхлэгчээр томилогдсон. Тэрбээр тасгийнхаа эмчилгээ, үйлчилгээг МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн сургалттай хослон явуулж, онош-эмчилгээний хэд хэдэн шинэ аргуудыг нэвтрүүлжээ. Мөн Мэс заслын эмнэлэг (одоогийн Клиникийн III эмнэлэг), Цэргийн госпиталь, Дотоод Яамны эмнэлэг, Сайд нарын эмнэлэг, Сэтгэл мэдрэлийн болон Сүрьеэгийн эмнэлгүүдэд дотор өвчний зөвлөхөөр давхар ажиллаж байв. Тэрээр аймгуудад мэргэжлийн эмч дутмаг байсан учир дуудлагаар явж зөвлөгөө өгдөг байжээ.
ЗХУ-д аспирантур төгсөөд ирэхэд нь МАХН-ын ТХ-ноос түүнийг СнЗ-ийн Хэрэг эрхлэх газрын харьяа Тусгай эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар, удалгүй ерөнхий эмчээр томилон ажиллуулжээ. Тус эмнэлэгт ажиллах 10 жилийн хугацаанд тэрээр материаллаг баазыг бэхжүүлж, эмч нарын тоо, хүрэлцээг нэмэгдүүлэн, мэдлэг чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулсан. Мөн Зөвлөлтийн болон бусад гадны орнуудтай холбоо тогтоон, мэргэжлийн курст эмч нарыг явуулж суралцуулах, туршлага судлуулахаас гадна гадны нарийн мэргэжлийн эмч, профессор, академичдыг урьж зөвлөгөө авах, лекц уншуулах, эмч нараа дагалдуулан сургах ажлыг хийсэн. Монголдоо анх бүрэн комплекс рентген аппарат, ходоод-гэдэсний уян дуран зэрэг оношилгооны шинэ технологийг нэвтрүүлж, эмнэлгийнхээ оношилгоо, эмчилгээний чадавх болон чанарыг сайжруулахад анхааран ажиллажээ. Түүнийг ажиллах хугацаанд Тусгай эмнэлэг нь Дархан хотод салбар эмнэлэгтэй томоохон эмнэлэг болж, эмчилгээ-үйлчилгээний чанар, хэмжээ нь өсөн нэмэгдэж, бэхжсэн, хатуу сахилга бат, дэг журамтай хөдөлмөрийн хамт олон болсон байна.
Цусны эмгэг судлалын үндэслэгч
1950–1960-аад онд Монголын жирэмсэн, хөхүүл эхчүүдийн дунд учир шалтгааныг нь тогтоож чадахгүй байсан хүнд цус багадалтын өвчин элбэг тохиолддог байжээ. Профессор И.И.Крыжановская-гийн зөвлөснөөр Ч.Цэрэннадмид уг өвчнийг судалж эхэлсэн юм. Тэрээр Зөвлөлтийн Эмч нарын Мэргэжил Дээшлүүлэх Төв Институтийн аспирантурт суралцаж, профессор Е.А.Кост, Г.Г.Газенко, академич И.А.Кассирский нарт шавилж, Клиникийн Цус судлалыг эзэмшжээ. Мөн Узбекстанд очиж төстэй өвчний талаар эрдэмтэдтэй уулзаж, туршлага судалсан байна.
Монголдоо эргэн ирж В12 витамин, сийвэнгийн төмөр, цусны цитоморфологи, ясны чөмөгний цитологи, цитохимийн шинжилгээнүүдийг Монголдоо анх удаа хийж нэвтрүүлснээр уг өвчний шалтгаан, эмгэг жамыг тогтоож, эрт оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх аргыг боловсруулжээ. Үүний үр дүнд тэрхүү өвчнөөр эмэгтэйчүүд нас барах нь эрс буурсан байна. Эдгээр судалгааны үр дүнгээр Москва, Ленинград, Ташкент хотуудад цус судлаачдын хуралд илтгэл тавьж, Зөвлөлтийн Эмч Нарын Мэргэжил Дээшлүүлэх Төв Институтийн Эрдмийн зөвлөл дээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалжээ. Ч.Цэрэннадмид нь Монголын эрүүл мэндийн салбарын анхны цусны эмгэг судлаач мэргэжилтэн эмч, эрдэмтэн бөгөөд цусны эмгэг судлалыг Монголд үндэслэн байгуулж, 40 гаруй жил хөгжүүлж ирсэн юм.
Анагаахын дээд сургуулийн багш (1973–2017)
1973 оноос АУДС-д (Анагаахын Их Сургууль, хожим Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль) Дотрын өвчин судлалын тэнхмийн эрхлэгчээр ажиллаж, мөн Эрдэм Шинжилгээ-Гадаад Харилцаа эрхэлсэн проректороор томилогджээ.
Эрүүлийг Хамгаалах Яамны сайд (1986–1990)
Ч.Цэрэннадмид 1986–1990 онд Эрүүлийг Хамгаалах Яамны сайдаар ажиллахдаа дараах ажлуудыг хийжээ:
- Дэд бүтэц: 160 гаруй том, жижиг эмнэлгийн барилга баригдсан. Үүний дотор Улаанбаатарын клиникийн эмнэлэг, Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, Халдварт болон хавдар судлалын төвүүд, олон аймгийн нэгдсэн эмнэлэг, төрөх газруудын барилга зэрэг багтана.
- Шинэ технологи: Эхосонограф, фиброэндоскоп, компьютерт томограф, ангиограф, лазерын аппарат, электрон микроскоп, барокамер зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжийг Монголын эмнэлгийн практикт анх нэвтрүүлсэн.
- Боловсон хүчин: Жил бүр аспирантурт 5–7, ординатурт 15–20, нарийн мэргэжлийн дамжаанд 75–200 хүнийг гадаадад суралцуулдаг болгосон.
- Аймаг, сум: 1987–1990 онд бүх аймаг, хотын эмнэлгүүдэд хэт авиа, фиброэндоскопийн аппарат нэвтрүүлж, мэргэжилтнүүдийг нь бэлтгэсэн. Сум бүрийг 2-оос дээш эмч, түргэн тусламжийн машинтай болгох арга хэмжээ авсан.
- Олон улсын хамтын ажиллагаа: ДЭМБ, ЮНИСЕФ, Хүнсний фонд, Хүн амын фонд зэрэг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлж, тусламжийн хэмжээг нэмэгдүүлсэн. ДОХ-ын үндэсний төв лаборатори байгуулж, 3 шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
- Эмч нарын нийгмийн асуудал: Цалинг нэмэгдүүлж, хортой, хүнд нөхцлийн нэмэгдлийг олгох хүрээг өргөтгөсөн.
Сургалтын үр дүн ба бүтээлүүд
Сургалтын үр дүн
Профессор Ч.Цэрэннадмид МУИС, АУДС, АУИС, ЭМШУИС-аар суралцсан 13,000 гаруй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнийг сурган бэлтгэхэд оролцсон бөгөөд мэргэжлийн курсээр давтан бэлтгэгдсэн 1,000 гаруй эмч мэргэжилтэнд хичээл заажээ. Түүний шууд удирдлагаар 2 хүн Шинжлэх ухааны доктор, 6 хүн Анагаах ухааны доктор, 16 хүн магистрын зэрэг хамгаалсан, 40 гаруй эмч дотрын эмчийн I, II, ахлах, тэргүүлэх зэрэг хамгаалсан байна.
Бүтээлүүд
Ч.Цэрэннадмид нь дангаараа болон бусадтай хамтран:
- 19 сурах бичиг, гарын авлага, ном товхимол зохиож бичсэн
- 4 номыг орос, англи хэлнээс орчуулсан
- 54 гаруй ном, сурах бичгийг редакторлож хэвлүүлсэн
- 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, аргачилсан зөвлөмж бичсэн
- 80 эрдэм шинжилгээний илтгэл тавьсан (12 нь гадаадын сэтгүүлд хэвлэгдсэн)
- 10 гаруй оронд олон улсын чуулган, их хуралд илтгэл хэлэлцүүлсэн
Бусад чухал ажлууд
- Анхны бүтээлүүд Монголд
- Монголдоо урьд нь оношлогдож байгаагүй цусны болон дотрын 20 гаруй өвчнийг анх шинээр оношилсон.
- Ходоод-гэдэсний уян дурангийн шинжилгээг Монголд анх нэвтрүүлсэн (Зөвлөлтийн профессор В.Силаевын хамт).
- 1964 онд үжлийн үүсэлтэй бөөрний хурц дутагдалтай өвчтнийг Москвад хүргэж, гемодиализ ("хиймэл бөөрний эмчилгээ") хийлгүүлж аварсан нь Монголд анхных байсан бөгөөд үүний дараа Монголд Гемодиализын төв байгуулах санаачлагыг гаргасан.
- А.Л.Кайланы "Эх барихуйн ухаан" сурах бичгийг орчуулж, тэр үеийн бага эмч, эх баригч, сувилагч нарын ширээний ном болгосон.
- Сурах бичиг орчуулах комисс Монголын дунд мэргэжлийн эмнэлгийн ажилтнуудад мэргэжлийн сурах бичиг дутагдаж байсан тул Зөвлөлтийн хүний эмнэлгийн техникумын сурах бичгүүдийг орчуулах санаачлагыг гаргаж, ЭХЯ-ны 1-р орлогч сайд Д.Цагаанхүүгээр ахлуулсан 7 хүний комисст орж ажиллажээ.
Олон нийтийн ажил
Профессор Ч.Цэрэннадмид мэргэжлийн ажлаасаа гадна олон нийтийн олон тооны үүрэг гүйцэтгэжээ:
- Ардын Их Хурлын депутат
- Улаанбаатар хотын депутат, байнгын комиссын гишүүн
- Монгол–Лаосын Найрамдлын Нийгэмлэгийн дарга
- Ази–Африкийн Эв Санааны Нэгдлийн Монголын хорооны тэргүүлэгч гишүүн
- Монголын Дотрын Эмч Нарын Холбооны тэргүүн
- Анагаах Ухааны Академийн үндэслэгч гишүүн
- Монголын ШУА-ийн Бага чуулганы гишүүн
Цол зэрэг ба шагнал
Цол зэрэг
- Анагаахын Шинжлэх Ухааны Доктор
- Профессор
Гавьяа шагнал
- Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан (2000)
- Монгол улсын Ардын Эмч (2005)
- “Алтан гадас” одон 2 удаа
- Засгийн Газрын Хүндэт Жуух
- Ардын Хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль
- Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний Ажилтан
- Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан
- Монголын Шинжлэх Ухааны Тэргүүний Ажилтан
- Монголын Улаан Загалмайн Тэргүүний Ажилтан
- ЭМЯ, АУИС, Улсын Клиникийн I, II, III эмнэлгийн хүндэт дэвтэрт бичигдсэн
- Америкийн Цээжний Эмч Нарын Холбооны гишүүнээр батлагдсан
- Японы Лаборатори-Эмгэг Судлаачдын Нийгэмлэгийн өргөмжлөлөөр шагнуулсан
- Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолд нэр дэвшүүлсэн (2010)
Нэрт шавь нар
Профессор Ч.Цэрэннадмидын шавь нараас Монголын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх хүмүүс олноор төрөн гарчээ:
- Н.Баасанжав — Хөдөлмөрийн Баатар, Ардын Эмч, Академич
- Б.Жав — Хөдөлмөрийн Баатар, Ардын Эмч, Профессор
- Д.Нямхүү — Хөдөлмөрийн Баатар
- Л.Лхагва — Гавьяат Эмч, Багш, Академич
- Д.Дүнгэрдорж — Гавьяат Эмч, Академич
- Г.Дашзэвэг — Гавьяат Эмч, Багш, Профессор
- Б.Шижирбаатар — Гавьяат Эмч, Багш, Профессор
- Б.Батсэрээдэнэ — Профессор, зохион байгуулагч
- Г.Цогт — Профессор, ДЭМБ-ын мэргэжилтэн, сүрьеэтэй тэмцэх олон улсын холбооны тусгай шагналт
Зургийн цомог
2 удаа үзсэн

