

Дашням Лида
19532021
Монголын боловсролын салбарын ахмад зүтгэлтэн, гавьяат багш Дашням овогтой Лида нь 1953 онд Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газарт айлын удаах охин болон мэндэлжээ. Тэрээр бага насаа цэцэрлэгт хүмүүжин өнгөрүүлж, Улаанбаатар хотын 30 дугаар 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн байна. Улмаар 1974 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг “Бага ангийн багш” мэргэжлээр амжилттай төгсөж, боловсролын их үйлсэд хөл тавьсан юм.
Д.Лида багш нь нийт 35 жил тасралтгүй багшаар ажилласан бөгөөд хөдөлмөрийн гараагаа 1974 онд Төв аймгийн Жаргалантын САА-н Тал булаг тасгийн бага сургуулиас эхлүүлжээ. Тухайн үедээ шавилхан биетэй, үсээ хоёр салаа сүлжсэн, ууган шавь нараасаа ялгарахааргүй залуухан багш ирж, аймаг, сумаас зайдуу Тал булаг тасгийн сургуульдаа малчин, тариаланчдын үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн байна. Багшийн хүрэлцээгүй байсан тул хоёр ээлжээр ажиллаж, бага ангийн багшийн хариуцлагатай албаа чин сэтгэлээсээ хашиж байжээ. Тэрээр тухайн үеийн эрхлэгч багш н.Шагдар, Б.Жанжаа болон галч н.Сонинхүү нартай хамтран ажиллаж байсан юм.
Тэрээр багшлах хугацаандаа удирдсан ангийнхаа сурлагын чанарыг дээшлүүлэх, сургуулийнхаа сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, хичээлийн үйл ажиллагааны бэлтгэлээ хангах, эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэгт мэдлэг, ур чадвар, залуу насаа харамгүй зориулж, шавь нараа ирээдүйдээ итгэлтэй, зөв хүмүүжилтэй, ажилч хичээнгүй иргэн болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Сурган хүмүүжүүлэх арга барилаа ямагт суралцан дээшлүүлж, 1996 онд “Заах аргач багш” мэргэшлийн зэрэг хүртсэн нь түүний хичээл зүтгэлийн тод жишээ юм. Тэрээр үе үеийн шавь нар, тэдний эцэг эхчүүд, хамт олныхоо хайр, хүндлэлийг хүлээсэн багш байлаа.
Д.Лида багш нь ЗХУ-ын Омск хотын ТМС-ийг ХАА-н механикжуулагчаар төгссөн У.Түмэнжаргалтай гэр бүл болж, зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”, “Дархан бэр” хүн байв. Одоо таван хүүхэд нь энх тунх, улс эх орныхоо салбар бүрд үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөж байна. 1993 оноос гэр бүлийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүрэгт шилжин суурьшиж, 64 дүгээр сургууль, Боловсрол цогцолбор сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, олон тооны шагнал урамшуулал хүртээжээ.
ГАВЪЯА ШАГНАЛ
-
1974-1993 онуудад Төв аймгийн АДХГЗ-ны Ардын боловсролын хэлтэс, Жаргалантын САА-н Намын хороо, сумын ҮЭ-ийн зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Сургуулийн захиргааны “Баярын бичиг”-ээр удаа дараа шагнуулж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байсан.
-
1985 онд “АЛДАРТ ЭХ”- 2-р одонгоор
-
1996 онд “АХЛАХ БАГШ“ цол тэмдгээр
-
2001, 2011 онуудад Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд
-
2006 онд “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэг
-
2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн “ЧИНГИС ХААНЫ ДУРСГАЛЫН ТЭМДЭГ”
-
2014 онд “БАГШИЙН ГАВЪЯА” одон, МЭХ-ний “ХҮНДЭТ ТЭМДЭГ”
-
2017 онд “АЛТАНГАДАС“ одон, Төв аймгийн Жаргалант сум байгуулагдсаны 90 жилийн ойн “ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар тус тус шагнагдаж байсан бахархалт багш байсан.
Зургийн цомог
2 удаа үзсэн

