

Шагдарын Бира
19272022
Улаанбаатар хот
Шагдарын Бира нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, ШУА-ийн Академич, нэрт түүх судлаач эрдэмтэн юм.
Намтар
Шагдарын Бира 1927 оны 9 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо төржээ. Тэрээр Түшээт хаан аймгийн Юнбэйсийн хошууны хар хүн, жин тээж, арилжаа наймаа хийж хөрөнгөжсөн Бөлгөөгийн Шагдарын бага хүү байв. Түүний эцэг Шагдар нь 1911 онд Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдахад шинэ засагт буу зэвсэг худалдаж авахад дэмжлэг үзүүлж байсан тул "Бэйс" цолоор шагнагдаж байжээ. 1921 оны Ардын хувьсгалын зүтгэлтнүүдийг санхүүгээр дэмжиж байсан эцэг Б.Шагдар 1937 онд баривчлагдан хэлмэгдэж цаазаар авахуулсан байна.
Ш.Бира дунд боловсролыг эх орондоо эзэмшиж, 1945-1946 онд МУИС-д суралцжээ. Улмаар 1946-1951 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд (одоогийн Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургууль) түүхч мэргэжлээр төгссөн. 1957-1960 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд Ю.Н.Рерихийн удирдлага дор "Төвөд хэлт Монголын түүхийн зохиолууд" сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1973 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг Зөвлөлтийн Шинжлэх ухааны Академийн Дорно дахины судлалын хүрээлэнд хамгаалжээ.
1960 оноос БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал, Академийн нийгмийн ухаан хариуцсан анхны дэд ерөнхийлөгчөөр (1973-1982) ажиллаж, ШУА-ийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 1987 оноос Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон 2011 оныг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гавьяаны амралтаа авсан байна.
Тэрээр Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын институт (1985-1988), Францын нийгмийн шинжлэх ухааны Институт (1988), Энэтхэгийн түүхийн судлалын нийгэмлэг (1991), Токиогийн Ази, Африкийн хэл, соёлыг судлах хүрээлэн (1992-1993), Боннын их сургууль (1995), АНУ-ын Баруун Вашингтоны Их сургууль (1997) зэрэг газруудад зочин профессор, судлаачаар уригдан ажиллаж байжээ. Ш.Бира нь түүх бичлэгийн ухааныг эх орондоо үүсгэн хөгжүүлэх, монголчуудын төвөд хэлт түүхийн зохиолуудыг анхлан судлах, Монголын үндэсний соёлын өв уламжлал, шашны түүхийг шинжлэн боловсруулахад гарамгай хувь нэмэр оруулсан юм.
Академич Ш.Бира англи, орос хэлээр монгол эх хэлнээсээ ялгагдахааргүй ярьж бичихийн зэрэгцээ герман, франц хэлээрх ном зохиолыг судалгааныхаа ажилд чөлөөтэй ашигладаг байв. Мөн эртний монгол бичгийн болон төвөд, санскрит хэлний сурвалж хэрэглэгдэхүүнийг сайтар ашигладгаараа давуу талтай байсан. Тэрээр мэргэжлийн холбогдолтой ном бүтээлийг шавхан шүүж, холбогдох онол, үзэл баримтлалыг харьцуулан үзэж байж бүтээлээ туурвидаг онцлогтой байжээ.
Ш.Бира дэлхийн түүхийн шинжлэх ухааны 5 удаагийн Их хурал, Дорно дахины судлалын 2 удаагийн их хурал, Олон улсын монголч эрдэмтний 11 удаагийн их хурал, Олон улсын Алтай судлалын байнгын Бага хуралд оролцон удаа дараа илтгэл хэлэлцүүлсэн. Тэрээр Өвөр Монголын Их сургуулийн хүндэт профессор, Москвагийн Олон Улсын харилцааны Их сургуулийн хүндэт доктор, Энэтхэгийн Соёлын Олон улсын Академийн хүндэт гишүүн, Нью-Йоркийн Академийн гишүүн, Америкийн Төв Евразийн судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүн, Америкийн Монгол Нийгэмлэгийн хүндэт гишүүн, Оросын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн хүндэт доктороор тус тус сонгогдсон. 2017 онд түүний 90 насны ойд зориулан сүүлийн үед гарсан томоохон бүтээлийг нь эмхэтгэн “Монгол судлалын шилдэг өв” цуврал арван ботийг нийтлүүлсэн байна.
Их эрдэмтэн Шагдарын Бира 2022 оны 2 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод нас барсан.
Шагнал
Шагдарын Бира нь дараах шагналуудыг хүртсэн:
- "Алтан гадас" одон
- "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"
- "Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн" цол
- "Монгол Улсын Төрийн шагнал"
- "Хөдөлмөрийн баатар" цол

