

Ринчений Барсболд
19352025
Намтар
Намтар
Ринчений Барсболд нь 1935 оны 12-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрж, 2025 оны 8-р сарын 28-нд Улаанбаатарт нас барсан. Тэрээр нэрт эрдэмтэн Бямбын Ринчений отгон хүү бөгөөд гурван эгчтэй.
1959 онд ЗХУ-ын Москва хотын С.Орджоникидзегийн нэрэмжит Геологи хайгуулын дээд сургуулийг төгссөн. 1966-1969 онд ЗСБНХУ-ын ШУА-ийн Ленинград хотын Урьдкембрийн геологи, геохронологийн хүрээлэнд аспирантурт суралцаж “Монгол орны говийн бүс нутаг дахь дээд цэрдийн хурдасны давхарга зүй, эртний сээр нуруугүй амьтад” сэдвээр геологи-минералогийн дэд эрдэмтэн цол хамгаалсан. 1979 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд “Монгол орны цэрдийн галавын махан идэшт үлэг гүрвэлүүд” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ. 1991 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртсэн ба 2011 онд ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдсон.
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Академич Р.Барсболд нь Монгол орон, Төв Азийн махан идэшт үлэг гүрвэлүүдийн харьцуулсан морфологи, ангилал, түүхэн хөгжил, тив хоорондын холбоо харилцаа, эх газрын цэрдийн үе шат, давхаргазүй, эртний газарзүй, тафономийн чиглэлээр олон жил эрдэм шинжилгээ, судалгааны ажил тасралтгүй эрхэлсэн. Тэрээр 300 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, 14 ном, ганц сэдэвт бүтээл хэвлүүлснээс 5 нь палеонтологийн чиглэлээр хийгдсэн судалгааны бүтээл байна.
ХХ зууны эцсээр эртний биологийн ухаанд онолын дэвшилтэт томоохон үзэл баримтлал гэж дүгнэгдсэн “үлэг гүрвэл – шувууны харилцаа холбоо”-г Монгол орны махан идэшт үлэг гүрвэлүүдийн морфологийн цогц шинж тэмдэг, улиран хувьслын чиг баримжаа, зүй тогтлын үзэгдлээр өргөжүүлж, тус үзэл баримтлалын онолын ач холбогдлыг бататгахад онцгой хувь нэмэр оруулсан юм.
Р.Барсболдын нээж, нэр өгсөн үлэг гүрвэлийн төрлүүд:
- Адазавр (1983)
- Ансеримим (1988)
- Конкорэптор (1986)
- Энигмозаврын бүл (1983) (одоо ашиглагдахгүй байгаа)
- Энигмозавр (А.Пэрлээтэй хамт, 1983)
- Галлимим (Х.Осмольска, Е.Рониевич нартай хамт, 1972)
- Гарудимим болон түүний бүл (1981)
- Гарпимимус болон түүний бүл (А.Пэрлээтэй хамт, 1984)
- Инген (1981)
Мөн Барсболдиа (Марьянска, Осмольска нар, 1981), Ринчениа (Осмольска болон бусад, 2004) нь Барсболдын нэрнээс гаралтай нэршил болно.
Шагнал урамшуулал
- Монгол Улсын Төрийн шагнал (2018) - "Монголын геологи ба ашигт малтмал" 8 боть цуврал бүтээлийг хамтран бүтээсний төлөө.
- АНУ-Олон улсын Society of Vertebrate Paleontology -ийн шагнал.
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол (2024).
Гэр бүл
Ринчений Барсболд нь Б.Дэнзэн, Б.Лигдэн гэсэн хоёр хүүтэй.
Зургийн цомог
1 удаа үзсэн

